"CEO" клубийн гишүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяатай уулзлаа
clock2023-05-18 09:00
"CEO" клубийн гишүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяатай уулзлаа
Тус уулзалтаар Монгол Улсад нүүрлээд байгаа ажиллах хүчний хомсдол, одоогийн мөрдөгдөж байгаа халамжийн бодлогыг хөдөлмөр суурьт шилжүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхол, хөшүүргийг нэмэгдүүлэх, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр бүтцийг өөрчлөх, богино хугацаанд үр өгөөж хүртэх эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийн хувийг нийгмийн даатгалын шимтгэл дотор нэмэгдүүлж эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар санал бодлоо солилцов. Тэтгэврийн олон тулгуурт тогтолцоог бий болгох ажлыг хувийн хэвшил сайн дурын үндсэн дээр эхлүүлж хуримтлал дээр суурилсан тэтгэврийн тогтолцоог Монгол Улсад таниулах, төлөвшүүлэх, ирээдүйд иргэдэд үүсэж болох эрсдэлийг бууруулахын тулд хууль эрх зүйн орчин, зохицуулалт шаардлагатай байгаа талаар мөн тусгайлан ярилцав. Сайдын зүгээс иргэдийн цалин орлого нэмэгдүүлэх, ажилчдын ажиллах орчныг сайжруулах, хямд хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжийг бий болгох тал дээр хувийн хэвшлийг идэвх санаачилгатай ажиллахыг хүссэн бөгөөд шаардлагатай бодлого, зохицуулалтаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Уулзалтад СЕО клубын ерөнхийлөгч, Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, клубын гишүүн Таван Богд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Онч Аудит компанийн гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн, Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Оюуны Ундраа группын гүйцэтгэх захирал О.Тэнүүн, Түмэн шувуут ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болд, Би Эс Пи компанийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг, Тэсо группын гүйцэтгэх захирал С.Болор, Монголиан опортюнити фанд компанийн гүйцэтгэх захирал Б.Батсайхан, Би Ту Брос компанийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин, Лхамур компанийн гүйцэтгэх захирал Д.Хулан, Оюу Толгой компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа хариуцсан захирал Э.Лхагва, Улаанбаатар худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б. Хаш-Эрдэнэ, MCS группын Төрийн ба төрийн бус байгууллагын харилцаа хариуцсан захирал Б.Жавхлан нар ороцлоо.