СЕО клубийнхэн улс төр ба бизнесийн эрсдлийн тайланг хэлэлцлээ
clock2019-04-12 10:10
СЕО клубийнхэн улс төр ба бизнесийн эрсдлийн тайланг хэлэлцлээ
CEO клубын ээлжит уулзалтаар Warwick & Roger, IRIM бие даасан судалгааны институтийн хийсэн 2019 оны Монгол Улсын улс төр ба бизнесийн эрсдлийн тайланг хэлэлцлээ.

СЕО клубийн ээлжит уулзалтаар "Warwick & Roger", IRIM бие даасан судалгааны институтийн хийсэн 2019 оны Монгол Улсын улс төр ба бизнесийн эрсдлийн тайланг хэлэлцлээ. Уулзалтад “Doing Business in Asia Alliance" буюу Азийн бизнесийн холбооны үүсгэн байгуулагч О.Энхзул, "Warwick & Roger" компанийн гүйцэтгэх захирал Робин Майкл Гарсиа, "Montgomery Fitch and Associates" группийн ерөнхийлөгч Луис Арканхел, “CEO” клубийн ерөнхийлөгч В.Ганзориг, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “ЛэндМН” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, “MCS” группийн дэд захирал Д.Энхтүвшин, “Оюутолгой” компанийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ганзориг нар оролцлоо. 

"Warwick & Roger" компани нь улс төрийн эрсдэлийн судалгаа, менежментийн зөвлөх үйлчилгээний компани бөгөөд тус компаний гүйцэтгэх захирал Робин Майкл Гарсиа нь улс төр судлаач, улс төрийн эрсдэлийн менежментийн мэргэжилтэн юм. Тэрбээр харилцаа холбоо, уул уурхай, мэдээлэл, харилцаа холбооны технологи, нефть, хий, эрчим хүч, хоол хүнс, ундаа, эмийн бүтээгдэхүүн гэх мэт салбаруудад зөвлөх хийдэг төдийгүй улс төр, шинжлэх ухааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг. Мөн Азийн бүс нутагт байрлах дэлхийн томоохон компаниудад эрсдэлийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. ажээ. 

Энэ хүрээнд тэрбээр уулзалтын үеэр аж ахуйн нэгж, компани бүр  улс төрийн эрсдэлийн өөрийн бизнест үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэж, үнэлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлов. Монголын бизнесийн байгууллагуудын хувьд өөрсдийн компанид тохирох бодлого, стратегийг  мэргэжлийн  багаар гаргуулж, хэрэгжилтэнд нь анхаарч ажиллах шаардлагатай гэлээ. Ингэснээр аливаа бизнесийг хэр хугацаанд, хэрхэн оршин тогтнохыг шийдэхүйц үр нөлөөтэй судалгаа шинжилгээ хийж, олон эрсдэлээс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нөхцөл бүрдэнэ гэв. Өөрөөр хэлбэл, асуудал үүсэхээс өмнө урьдчилан таамаглаж, эрсдэлийг бууруулахад мэргэжлийн баг хамт олны туслалцаа, менежмент шаардлагатай аж.